Sunday, March 9, 2014

Олон улсад хамгийн эрэлттэй “Топ - 10” сэтгүүл


Дэлхийд алдартай басхүү эрэлт ихтэй сонин ба сэтгүүлийн төвлөрсөн цахим сүлжээ “AllUCanRead” сайтаас гаргасан “Топ - 10” сэтгүүлийн тухай мэдээллийг хүргэж байна. Энэхүү цахим санд 200 гаруй орны 22.800 “шилдэг” хэвлэлүүдийн мэдээ мэдээлэл агуулагддаг ба дараах сэтгүүлүүдийг уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан гаргажээ.
“The National Geographic” / 1888
Шинжлэх ухаан, түүх, соёл урлаг, гэрэл зураг болон танин мэдэхүй, цаг үеийн мэдээ мэдээллийг сар тутам хүргэдэг “National Geographic” сэтгүүл дэлхийн 36 хэл дээр орчуулагдан уншигчдад хүрдэг. АНУ-д л гэхэд сар тутам 5 сая хувь худалдаалагддаг энэхүү сэтгүүлийг 2012.10 сараас эх хэл дээрээ унших боломжтой болоод байгаа билээ.
“Men’s Health” / 1987
АНУ-ын хамгийн эрэлттэй, басхүү эрчүүдэд зориулсан дэлхийн томоохон “Men’s Health” сэтгүүлийг “Rodale Inc.” компаниас гаргадаг бөгөөд 47 оронд хэвлэгддэг ажээ. Эрчүүдтэй холбоотой эрүүл мэнд, хувцас загвар, сексийн амьдрал зэрэг бүхий л мэдээ мэдээллийг багтаадаг эл сэтгүүлийн цахим сайтад сардаа 38 сая хүн ханддаг байна.
“Playboy” / 1953
Хью Хэфнерийн үүсгэн байгуулсан “Playboy Enterprises” компаний оргил хэвлэл бол эрчүүдэд зориулсан насанд хүрэгчдийн эл сэтгүүл бөгөөд тэрээр сэтгүүлээ гаргахын тулд ээжээсээ $1000 ам.долларын зээл авч байжээ. Эротик төрөл жанрын зураг, мэдээллээс гадна алдартай зохиолч, зураач зэрэг уран бүтээлчдийн намтар түүхийг хүүрнэдэг сэтгүүлийн түүхэнд маш олон хориг тавигдсан байдаг ч өдгөө дэлхийн 30 гаруй оронд байнгын уншигчтай болжээ.
“TIME” / 1923
АНУ дахинаа 20 сая, дэлхийн бусад оронд 5 сая уншигчидтай гэгддэг дэлхийд тэргүүлэх “TIME” сэтгүүл нь АНУ дахь долоо хоног тутмын анхны сэтгүүл юм байна. Сэтгүүлийг Бритон Хэдень (1898 - 1929) ба Хэнри Робинсон (1898 - 1967) нар хамтран гаргаж эхэлсэн байдаг бөгөөд тэд анхандаа сэтгүүлээ “Facts” гэж нэрлэх гэж байжээ. Өдгөө сэтгүүлийг “Time Inc.” компаниас эрхлэн гаргадаг ба “Fortune”, “People”, “InStyle”, “Entertainment Weekly”, “Sports Illustrated” зэрэг маш олон салбар сэтгүүлүүдийг гаргадаг ажээ.
“Cosmopolitan” / 1886
Гэр бүлийн сэтгүүлийн төрөл жанраар анх худалдаанд гарч байсан “Cosmopolitan” сэтгүүл 1960-аад оноос охид, бүсгүйчүүдэд зориулагдах болжээ. Эрүүл мэнд, гоо сайхан, оддын амьдрал, хайр дурлал ба секс, карьер зэрэг эмэгтэйчүүдтэй холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, зөвлөмжийг багтаадаг энэхүү сэтгүүл 100 гаруй оронд 35 хэл дээр хүрдэг ажээ.
“People” / 1974 Америкийн “Time Warner” медиа группийн дэргэдэх “Time Inc.” Компаниас гаргадаг маш олон сэтгүүл байдаг. Тэдний нэг болох “Хүмүүс” сэтгүүл нь оддын амьдралын эргэн тойрон дахь сенсацитай, шар мэдээллүүдийг түгээдэг ба 46.6 сая гаруй уншигчидтай гэнэ. Сэтгүүлийн зүгээс уламжлал болгон гаргадаг хэд хэдэн булантай “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүмүүс”, “Хамгийн сайхан эсвэл муухай хувцасласан хүмүүс”, “Энэ цаг үеийн хамгийн дур булаам эрчүүд” ба эдгээр нь уншигчдын сонирхлыг ихэд татдаг билээ.
“Real Simple” / 2000
“Time Inc.” компаниас гаргадаг цөөнгүй сэтгүүлүүдийн нэг болох “Real Simple” нь 2000 оноос уншигчдын хүртээл болж байгаа сэтгүүл бөгөөд гэр бүлтэй эмэгтэйчүүдэд зориулсан мэдлэг мэдээлэл, зөвлөмжийг багтаадаг байна. Сэтгүүлээс эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн бий болгох, хүнсний зохистой хэрэглээ, амтат хоолны жор, жингээ хэрхэн барих вэ, нярайг хэрхэн асрах, гэрээ тохижуулах тухай гээд эзэгтэй нарт зориулсан №1 мэдлэгийг авах боломжтой гэнэ. Сар тутам худалдаанд гардаг “Real Simple” сэтгүүл өнгөрөгч оны байдлаар дэлхий дахинд 2 сая гаруй байнгын уншигчтай болжээ.
“Bloomberg BusinessWeek” /1929
“Bloomberg L.P.” медиа группээс эрхлэн гаргадаг “Bloomberg BusinessWeek” (хуучнаар “BusinessWeek”) сэтгүүл нь дэлхийн 120 гаруй оронд 5 сая гаруй уншигчидтай ба алдартай сэтгүүлч Жош Тирингиль эрхлэгчээр нь ажилладаг байна. “Forbes”, “Fortune” сэтгүүлүүдийн хүчтэй өрсөлдөгч “BusinessWeek” сэтгүүл 2010 оноос хэвлэлийн дизайндаа шинэчлэл хийж шинэ өнгө төрхтэйгээ уншигчиддаа хүрч байгаа юм байна.
“Rolling Stone” / 1967
Хоёр долоо хоног тутам хөгжмийн ертөнцийн эргэн тойрон дахь мэдээ мэдээллийг түгээдэг “Rolling Stone” сэтгүүлийг Жэнь Уэннер үүсгэн санаачилсан ба тэрээр үүнээс гадна “Men’s Journal”, “US Weekly” сэтгүүлийг эзэн юм байна. “Wenner Media LLC” компанийг байгуулсан Жэнь “Rolling Stone” сэтгүүлийг гаргахдаа гэргий болон гэрийнхнээсээ $7500 ам.доллар зээлж байсан бөгөөд сэтгүүлээ Америкийн блюз дуучин Мади Уотерсийн (1913 - 1983) “Rolling Stone” (1950) дууны нэрээр нэрлэжээ.
“Sports Illustrated” / 1954 Спортын төрөлжсөн мэдээ мэдээллийн энэхүү сэтгүүлийг Америкийн “Time Warner” медиа группээс эрхлэн гаргадаг ба спорт сонирхогч дэлхийн 23 сая уншигчдын хүртээл болдог байна. Долоо хоног тутам хэвлэгдэн гардаг сэтгүүлээс спортын ертөнцөд өрнөж буй сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, домогт тамирчдын тухай түүх цадиг тэргүүтэй шилдэг нийтлэлүүдийг унших боломжтой.

Эх сурвалж: http://www.playskull.mn

No comments:

Post a Comment